


7 дугаар сарын 8-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл ОХУ-ын Сахагийн БНУ-ын Якутск хотноо “Дэлхийн оюун ухааны спортын 1-р наадам” болж өнгөрлөө. Энэ арга хэмжээнд ОХУ-аас гадна дэлхийн улс орнуудаас 1500 гаруй хүүхэд залуус оролцлоо. Уралдааны гол төрөл нь математик, хими, физик, мэдээлэлзүйн чиглэл бүхий 'TUYMAADA' олон улсын олимпиад, хүүхэд залуучуудын олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал, роботикс уралдаан, софтвэйр, хэрэглээний программ боловсруулах 'IT-hackathon’ ба 3 хэмжээст компьютер графикийн уралдаан зохиогдов.
Энэ удаагийн уралдааны нийт төрөлд Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Математикийн шинжлэх ухааны ахлах сургуулийн баг тэргүүн байрыг эзэлсэн бөгөөд олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны төрөлд Казакстаны БНУ-ын Nazarbayev оюун ухааны сургуулийн сурагч дуу авианы нийлэг технологи ашигласан, дуу авиаг таньж ярьдаг бээлий болох 'GloveSpeaker' төсөл гран при шагнал хүртэв.