본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2025-12-11

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 12 дугаар сарын 8-ны өдөр “2025 NEAR Олон улсын форум”-д оролцохоор Гёнжү хотод хүрэлцэн ирсэн ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Георгий Зиновьевийг хүлээн авч уулзан, харилцан сонирхсон асуудлын талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд болон Бүсан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул нар өнгөрсөн хугацаанд NEAR-ийн Хэрэг эрхлэх газартай нягт хамтран ажиллаж, гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ. Тэр дундаа өнгөрсөн 11 дүгээр сард Татарстаны Бүгд Найрамдах Улс Сибирийн болон Алс Дорнодын Холбооны тойрогт хамаардаггүй орон нутгуудаас хамгийн түрүүнд NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтээ NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт албан ёсоор хүргүүлэхэд Элчин сайдын зүгээс бодитой дэмжлэг үзүүлсэнд онцгойлон талархсанаа тэмдэглэв.

Мөн тэрээр Солонгос–Оросын харилцаа таагүй байгаа өнөөгийн нөхцөлд NEAR-ийн хүрээнд өрнөж буй хоёр улсын орон нутгийн захиргаа болон ИТХ-ын хамтын ажиллагаа, харилцан солилцоо нь улс хоорондын харилцаа улам дордохоос сэргийлэхийн зэрэгцээ цаашид харилцааг сэргээх эхлэлийг тавих чухал хөшүүрэг болж чадна хэмээн онцлон тэмдэглэж, Элчин сайд Зиновьевоос цаашид ч тууштай анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


▲ Түүнчлэн Буриадын Бүгд Найрамдах Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Бүгд хурлын үйл ажиллагаанд одоогоор идэвх сул гишүүн орон нутгуудыг өргөнөөр оролцуулахад анхаарч дэмжихийг хүсэв.


▲ ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Георгий Зиновьев NEAR нь олон улсын улс төрийн ээдрээтэй нөхцөл байдалд ч Зүүн хойд Азийн орон нутгуудын нөхөрсөг харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэллээ.


▲ Тэрээр мөн одоогоор ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улс NEAR Холбооны тэргүүлэх орон нутгийн үүргийг гүйцэтгэж байгааг дурдаад, ирэх онд зохион байгуулахаар төлөвлөсөн Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Уламжлалт эм, эмчилгээний хорооны хурлын хүрээнд Оросын орон нутгийн захиргаад болон бүс нутгийн түншүүдийн хоорондын олон талт хамтын ажиллагаа улам идэвхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Түүнчлэн энэ онд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын дэмжлэгтэйгээр Жэжү муж, Гёнсанбүг муж, Пухан хот зэрэг БНСУ-ын орон нутгийн захиргаадтай идэвхтэй солилцоо өрнүүлсэнд талархал илэрхийлж, Буриадын Бүгд Найрамдах Улс NEAR Холбооны тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаанд Солонгос–Оросын орон нутгийн захиргаадын хоёр талт хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.