Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6-р сарын 21-ний өдөр Кёнсанбүг мужийн Пухан хотын санаачлагаар, Гёнсанбүг муж болон NEAR Холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан "10 дахь удаагийн Зүүн хойд Азийн CEO Эдийн засгийн хамтын ажиллагааны форум"-д оролцов.

Энэ удаагийн форум нь хиймэл оюун ухааны эринтэй уялдуулан “SEA AI: Зүүн хойд Азийн ирээдүйн хамтын ажиллагааны загвар” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд Пухан хотын Поскогийн олон улсын танхимд Тэжэ их сургуулийн дэд захирал Мэн Сон Хён-ы нээлтийн илтгэлээр эхэлсэн юм. Үүний дараа Хятад (Хэнаний шинжлэх ухаан, технологийн их сургуулийн финтек хөтөлбөрийн тэргүүлэх профессор Ан Ю Хуа), Япон (Allganize Japan компанийн гүйцэтгэх захирал Сато Ясуо), Орос(ОХУ-ын Хиймэл оюун ухааны олон улсын хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгч Антон Тамарович) болон Солонгосын AI мэргэжилтнүүд илтгэл тавьж, олон улсын болон дотоодын бизнесийн CEO нарын оролцоотой худалдаа, бизнесийн уулзалт болж өндөрлөсөн.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин форумын үеэр Хятад, Япон, Оросын AI салбарын мэргэжилтнүүд болон Пухан хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Хятад улсын Хуньчунь, Таншань хотын орлогч дарга нар, Япон улсын Майзүру хотын захирагч болон Жуэц хотын дэд захирагч нартай уулзаж, NEAR Холбооны өнөөгийн байдал болон сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар танилцуулав.

Үүний дараа Им дарга “2025 оны Пуханы Олон улсын салют наадам”-ын албан ёсны хүлээн авалтын оройн зоогт оролцож, талархлын үг хэлэхдээ “NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь Пухан хотод байрладаг цорын ганц олон улсын байгууллага учраас NEAR-ийн 9 орны 91 орон нутгийн захиргааны гишүүн бүхий энэхүү платформоор дамжуулан Пухан хотыг Зүүн хойд Ази болон дэлхийд сурталчлахын төлөө чармайн ажиллах болно” хэмээн онцолсон байна.


Мөн тэрээр оройн хүлээн авалтад оролцсон БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд болох Ким Жон Жэ, И Сан Хви, БНСУ дахь Итали улсын Элчин сайд Эмилиа Гатто, Гёнсанбүг мужийн эдийн засгийн орлогч дарга Ян Гым Хи, Үльсан хотын захиргааны орлогч дарга Ан Сын Дэ, Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консул Жин Иль Пё, Бүсан хот дахь Казахстан улсын Ерөнхий консул Аслан Аскар нар зэрэг төлөөлөгчидтэй уулзаж, NEAR Холбооны сүүлийн үеийн үйл ажиллагааг танилцуулан, дэмжлэг, анхаарал хандуулахыг хүслээ.

Нөгөөтэйгүүр, Пуханы Олон улсын салют наадам нь 2004 оноос эхлэлтэй бөгөөд Пухан хотын гадаад, дотоодын ах дүү, найрамдалт хотууд болон БНСУ-д суугаа гадаад орны элчин сайдын яамдаас оролцож, Пухан хотын иргэдтэй хамт найрамдал, хамтын хөгжлийг бэлгэдсэн олон улсын хэмжээний баяр наадам юм.