본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны 15-р Бүгд хурал БНХАУ-ын Ляонин мужид болж өнгөрлөө

2025-06-16

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

Холбооны Дараагийн тэргүүлэгч орон нутгаар ОХУ-ын Буриадын БНУ сонгогдов

Казахстан улсын Туркестан муж NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элслээ

-NEAR Холбооны гишүүн орон нутгуудын дарга нарын 2-р хурал боллоо.


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR) 2025 оны 6-р сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотын "Найрамдлын зочид буудал"-д “15-р Бүгд хурал”-ыг амжилттай зохион байгууллаа. Хурлын үеэр Өмнөд Солонгос, Хятад, Япон, Монгол, Орос, Казахстан, Киргиз зэрэг 7 улсын 33 орон нутгийн 120 гаруй төлөөлөгч (үүнээс 11 захирагч, дэд захирагч, 29 газрын дарга зэрэг албан тушаалтан) оролцсон юм. Мөн БНСУ, ОХУ, Япон улсын Ерөнхий консулууд болон Япон, Солонгос, Хятадын гурван улсын хамтын ажиллагааны газрын Нарийн бичгийн дарга оролцлоо.



Арга хэмжээний үеэр гишүүн орон нутгуудын 11 дарга, 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг нийт 15 хүн тусгайлан уулзаж “Шинэ олон улсын нөхцөл байдлын дор Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам” сэдвээр “NEAR-ийн гишүүн орон нутгуудын дарга нарын 2-р хурал”-ыг зохион байгуулсан нь NEAR холбооны платформыг ашиглан бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг дахин баталж, цаашид энэ түвшинд тогтмол уулзалт хийж, нийтлэг сонирхсон асуудлуудыг хэлэлцэх замыг нээсэн чухал үйл явдал боллоо.



Хурлын нээлтийн үеэр NEAR холбооны одоогийн тэргүүлэгч, Ляонин мужийн захирагч Ван Шинвэй угтан мэндчилгээ дэвшүүлж, NEAR холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үг хэлэв. Дараагаар нь NEAR холбооны дараагийн тэргүүлэгч орон нутгаар сонгогдсон Буриадын БНУ-ын тэргүүн Цыденов Алексей, Монгол Улсын Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, БНСУ-ын Гёнсанбүг мужийн олон улсын харилцааны элч Кан Сог Хи (захирагчийн мэндчилгээг уншсан), Япон улсын Тояама мужийн төлөөлөгч Хосокава Кэнъичи, TCS нарийн бичгийн дарга Ли Хи Соб нар тус тус баярын үг хэлжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, Япон улсын Ерөнхий сайд асан Хатояма нар NEAR холбооны үүргийг өндрөөр үнэлсэн видео мэндчилгээ илгээжээ.



Ляонин мужийн дарга Ван Шин Вэй нээлтийн үгэндээ “Дэлхий дээр олон олон төрлийн олон улсын байгууллагууд байдаг ч NEAR бол хамгийн бодитой, хэрэгжихүйц солилцооны платформ юм” гэж онцолж, NEAR Холбооны үүргийг тэлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх зэрэг санал дэвшүүлсэн байна.





Хурлын 1-р хэсэгт Ляонин мужийн зохион байгуулсан “NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 14-р хурал”-ын тайлан, NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайлан, салбар хороодын үйл ажиллагааны тайлан(Шаньси мужийн уламжлалт эм, эмчилгээний хороо, Тояама мужийн Байгаль орчны хороо, Шиманэ мужийн Боловсрол соёлын солилцооны хороо, Сахагийн БНУ-ын Спортын хороо). Дараа нь Буриадын БНУ-ыг Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутгаар батламжилсан. Мөн Казахстан улсын Туркестан мужийг NEAR Холбооны сурвалжлагч гишүүнээр элсүүлсэн. 19 салбар хорооноос Чүнчонбүг мужийн "Био эмчилгээний аж үйлдвэрийн хороо”, Жилинь мужийн "Олон улсын хүний нөөцийн солилцоо"-ны хороог татан буулгаснаар, NEAR холбооны салбар хороодын тоо 17 болсон.



Хурлын 2-р хэсэгт гишүүн орон нутгуудын бодлого, үйл ажиллагааны танилцуулга (Чинхай муж, Дэжон хот, Төв аймаг, Буриадын БНУ, Томск муж, Чүй муж, Окинава муж) тавьсны дараа Ляониний тунхаглал зарласан.



Түүнчлэн хурлын хугацаанд 6 гишүүн орон нутгийн хооронд тусгайлсан уулзалт зохион байгуулсан.



Хурлын төгсгөлд "Дэлхий дахины нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлж, NEAR холбооны тогтвортой, урт хугацааны хөгжилд дээд түвшний удирдагчдын харилцан ойлголцол, идэвхтэй солилцоо чухал үүрэгтэй тул 'NEAR Холбооны гишүүн орон нутгуудын дарга нарын хурал'-ыг цаашид тогтмол хөгжүүлнэ" гэсэн утгатай Ляониний тунхаглал батлагдсан байна.



Хурлыг хаахдаа NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Энэ удаагийн NEAR холбооны 15-р Бүгд хурал бол ирэх жил тохиох NEAR Холбооны 30 жилийн ойг угтсан, 6 гишүүн улсын 82 орон нутаг, 1 тусгай гишүүн, 3 сурвалжлагч гишүүн, 5 ажиглагч гээд нийт 9 улсын 91 орон нутгийг хамарсан, Зүүн хойд Азийн хамгийн том олон талт хамтын ажиллагааны платформ болон хөгжих суурийг тавьсан чухал хурал боллоо” хэмээн дүгнэжээ.