Ляонин мужийн дарга бөгөөд Зүүн хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны тэргүүлэгч Ван Шин Вэй 6-р сарын 11-ний өдөр NEAR-ийн 15 дугаар Бүгд хуралд оролцож буй гишүүн орнуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барилаа.
Уулзалтад NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин тэргүүтэй Япон, БНСУ, Монгол, ОХУ, Киргизстан, Казахстан зэрэг 7 орны NEAR-ийн гишүүн орон нутгийн 28 төлөөлөгч оролцсон бол БНХАУ-ын талаас Ляонин мужийн дарга Ван Шин Вэй, дэд дарга Шань И, Ляонин мужийн Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Фэн Шоучуань тэргүүтэй гишүүн орон нутгийн 12 төлөөлөгч оролцов.

Уулзалтын үеэр Ван Шин Вэй дарга Ляонин мужийн сүүлийн үеийн хөгжлийн байдал, бодлогын чиглэлийг танилцуулж, NEAR Холбоо нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны гол механизм болон улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр цаашид NEAR платформыг ашиглан эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн харилцааны гурван чиглэлд гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэх санал дэвшүүлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин гишүүн орон нутгуудыг төлөөлөн хэлэхдээ “Ляонин муж NEAR-т гишүүнээр элссэнээс хойш нэг жилийн дотор тэргүүлэгч болж, “Дээд түвшний Ажлын хэсгийн 14-р хурал'-ыг амжилттай зохион байгуулсан төдийгүй энэ удаагийн Бүгд хурлыг ч амжилттай бэлтгэн зохион байгуулж, түүхэн дэх хамгийн амжилттай арга хэмжээний нэг болоход үнэтэй хувь нэмэр оруулсан” гэж онцлов. Мөн Ляонин Холбооны тэргүүлэгч байх хугацаандаа NEAR Холбоонд 3 сурвалжлагч гишүүн, 1 тусгай гишүүн, 2 сурвалжлагч гишүүн, 1 ажиглагч буюу нийт 7 шинэ гишүүнийг элсүүлсэн бөгөөд одоо NEAR Холбоонд 9 орны 91 орон нутгийн засаг захиргаа нэгдээд байна. Бүгд хурал, салбар хороод зэрэг гол платформууд ч идэвхтэй ажиллаж, өндөр түвшний оролцоо, засгийн газар хоорондын солилцоо үлэмж нэмэгдсэн” гэж тэмдэглэлээ.

Холбооны дараагийн тэргүүлэгч болох ОХУ-ын Буриад улсын тэргүүн Алексей Цыденов “Буриад улс NEAR-ийн дараагийн тэргүүлэгч болж, Холбооны хөгжилд хувь нэмэр оруулах боломж гарсанд маш их нэр төрийн хэрэг гэж үзэж байна” хэмээгээд, Буриадын товч танилцуулга хийж, “Ирээдүйд гишүүн орон нутгуудын хоорондын бодит хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, Зүүн хойд Азийн хамтын хөгжилд хувь нэмэр оруулна” гэв.

Монгол улсын Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Зүүн хойд Азийн тогтвортой хөгжилд NEAR шиг олон талт хамтын ажиллагааны байгууллагын үүрэг улам бүр чухал болж байна” хэмээгээд, “цаг уур, боловсрол, залуучуудын чиглэлээр хамтарсан төслүүдийг өргөжүүлэх” санал гаргав.

Төгсгөлд нь, Хятад·Солонгос·Япон 3 улсын хамтын ажиллагааны газрын Нарийн бичгийн дарга И Хи Соб “NEAR нь Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын дунд хамгийн идэвхтэй хамтын ажиллагааны платформуудын нэгээр үнэлэгдэж байна. TCS байгууллага ч цаашид NEAR-тай түншлэлээ бэхжүүлэн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны гүүр болохыг зорьж байна” гэв.
Албан уулзалтын дараа Ван Шин Вэй дарга NEAR-ийн Бүгд хуралд оролцсон 100 гаруй төлөөлөгчийг хүндэтгэлийн зоогт урьж, харилцан нөхөрлөлөө бэхжүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.