Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6 сарын 12-ны өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон NEAR Холбооны 15-р Бүгд хуралд оролцсон Япон улсын Тояама, Шиманэ, Окинава мужийн төлөөлөгчидтэй уулзалт хийв.
Тэрээр Бүгд хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сүүлийн хоёр жилийн хугацаанд гишүүн байгууллагын цар хүрээг тэлж, одоогийн байдлаар 6 орны 82 байнгын гишүүн болон тусгай, сурвалжлагч гишүүн бүхий нийт 91 орон нутгийн захиргааг хамарсан Зүүн хойд Азийн хамгийн том олон талт хамтын ажиллагааны платформ болон хөгжсөнийг онцолсон байна. Түүнчлэн, Зүүн хойд Азийн бүс нутгийн хувьд Япон улс нь маш чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэж, Японы гишүүн орон нутгууд тус Холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүсэв.

Тояама мужийн Орон нутгийн хөгжил, дахин сэргэлтийн газрын орлогч дарга Хосокава төр, захиргааны түвшний хамтын ажиллагаанаас гадна энгийн иргэд, орон нутгийн иргэд төвтэй солилцоог чухал гэж үзэж байгаагаа илэрхийлээд, цаашид NEAR платформыг ашиглан олон талт идэвхтэй солилцоо өрнөхөд итгэлтэй байгаагаа хэлэв.
Шиманэ мужийн Соёл, олон улсын харилцааны хэлтсийн дарга Мацүо нь энэ удаагийн Бүгд хурал нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад цар хүрээ, зохион байгуулалтын хувьд маш их өргөжсөнийг үнэлж, тус муж нь “Шиманэд солилцооны жигүүр” хөтөлбөрөөр дамжуулан залуусын соёл боловсролын солилцоог тууштай үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв.
Окинава мужийн захиргааны гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Одо нь Окинава нь Ази, Номхон далайн бүс нутагтай голчлон харилцаа хөгжүүлж ирсэн боловч NEAR Холбооны гишүүн болсноор Зүүн хойд Азийн улс орнуудтай харилцааг өргөжүүлэх шинэ боломж нээгдэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.
Энэ удаагийн хурлын үеэр Тояама, Шиманэ муж тус тус байгаль орчин, боловсрол, соёлын салбар хорооны үйл ажиллагааны талаарх тайлангаа танилцуулсан бол Окинава муж нь өөрсдийн хэрэгжүүлж буй бие даасан олон улсын хамтын ажиллагааны тухай танилцуулав.