Гёнсанбүг мужийн Эдийн засгийн орлогч захирагч Янг Гым Хи 2024 оны 5-р сарын 20-23-ны өдрүүдэд тус мужтай ах дүүгийн харилцаатай муж болох БНХАУ-ын Хэнань мужид айлчилж, Хэнань мужийн орлогч дарга Жан Минтэй ах дүүгийн харилцааны гэрээг дахин байгуулан, хоёр мужийн ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан худалдаа, соёлын солилцооны арга хэмжээнд оролцов.

Айлчлалын хүрээнд дараах үйл ажиллагаа явагдав. Үүнд :
Хоёр талын төлөөлөгчдийн уулзалт, “БНСУ-БНХАУ-ын ирээдүйн хамтын ажиллагааны төв” болон ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойн арга хэмжээний нээлт, Гёнсанбүг муж болон Хэнань мужийн уран бүтээлчдийн хамтарсан соёл урлагийн тоглолт, 30 жилийн ойд зориулсан мод тарих ёслол, Жөнжөү нисэх онгоцны эдийн засгийн бүс болон орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, Кайфэн зэрэг соёл, аялал жуулчлалын бүсүүдийг үзэх аялал багтав.
Нөгөөтэйгүүр, Хэнань муж нь 100 сая орчим хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийн хэмжээгээр БНХАУ-ын хэмжээнд 6-д ордог. Хөдөө аж ахуйн баялаг нөөцөд тулгуурлан хүнсний үйлдвэрлэл эртнээс хөгжсөн бөгөөд Хятадын эх газрын бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлэн авч яваа муж юм. Мөн 2023 онд зохион байгуулагдсан NEAR-ийн 14 дүгээр Бүгд хурлын үеэр БНСУ-ын Үльсан хоттой найрсаг хамтын ажиллагааны хот болох гэрээг байгуулсан билээ.