Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Хэрэг эрхлэх газар ОХУ-ын Буриадын БНУ-аас зохион байгуулах “NEAR-ийн Уламжлалт эм, эмчилгээний хорооны 3-р хурал(6-р сарын 18–19, Улаан-Үд хот)-ын бэлтгэл ажлын хүрээнд гишүүн орон нутгийн захиргаад руу урилга хүргүүлэх, оролцоог идэвхжүүлэх, илтгэгчдийг урин оролцуулах зэрэг ажлыг идэвхтэй зохион байгуулсны үр дүнд 6 улсын 32 орон нутгийн төлөөлөл оролцохоор болжээ.
Тодруулбал БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ, Казахстан Улс, Мьянмар Улсын уламжлалт анагаах ухааны салбарын албан хаагчид, мөн Хятад, Монголын эмнэлгийн удирдлагууд, уламжлалт анагаах ухаан болон холбогдох салбарын байгууллагын төлөөлөгчид зэрэг нийт 70 гаруй хүн оролцох хүсэлтээ албан ёсоор ирүүлээд байна.
Энэхүү хурал нь Буриадын Бүгд Найрамдах Улс NEAR-ийн даргалагч орон нутгийн хувиар дорнын уламжлалт анагаах ухааныг бүс нутгийн онцлог брэнд болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд зохион байгуулж буй чухал арга хэмжээ бөгөөд “NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 15-р хурал”-тай зэрэгцэн зохион байгуулагдах юм.

Хурлын үндсэн хөтөлбөрийн дагуу 18-ны өдрийн үдээс өмнө оролцогчид Дорно дахины анагаах ухааны төв, Буриадын Үндэсний музей, Буддын шашин судлалын хүрээлэн зэрэг байгууллагуудтай танилцах бол үдээс хойш нээлтийн ажиллагаа болон салбар хуралдаан болно.
Нээлтийн ажиллагаанд Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов мэндчилгээ дэвшүүлж, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үг хэлэх бөгөөд ОХУ-ын Эрүүл мэндийн хяналтын газрын дарга Самойлова баярын үг хүргэнэ. Мөн Буриадын БНУ-ын Дэд тэргүүн Рудупова Буриадын уламжлалт анагаах ухааны хөгжлийн талаар танилцуулга хийхээс гадна уламжлалт анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд хамтын ажиллагааны боломж, цаашдын хөгжлийн талаар санал солилцохоор төлөвлөж байна.
Түүнчлэн арга хэмжээний үеэр Улаан-Үд хот болон БНХАУ-ын Анькан хот, Дорно дахины анагаах ухааны төв болон Анькан хотын уламжлалт анагаах ухааны эмнэлэг, Байгалийн боомтын эдийн засгийн тусгай бүсийн логистикийн төв болон Шаньси Мэйзибан эм, эмнэлгийн логистикийн компанийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь уламжлалт анагаах ухаан, эрүүл мэнд, логистикийн салбар дахь бодит олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.
Буриадын уламжлалт анагаах ухаан нь Төвөдийн уламжлалт анагаах ухааны арга ухаанд тулгуурласан, өөрийн эмийн ургамал боловсруулах тогтолцоотой бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжсөнөөрөө онцлогтой. Иймээс Буриад Улс нь ОХУ дахь уламжлалт анагаах ухааны томоохон төв бүс нутаг хэмээгддэг.
Ялангуяа Буриадын БНУ 1989 онд орчин үеийн анагаах ухаан болон уламжлалт эмчилгээний аргыг хослуулсан оношилгоо, эмчилгээ үзүүлдэг ОХУ-ын цорын ганц төрийн өмчит Дорно дахины анагаах ухааны төв байгуулагдсан.
※
Хуралд оролцогчдын жагсаалтыг ☞эндээс харна уу