Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар нь БНХАУ-ын Ляонин мужийн захиргаанаас зохион байгуулж буй “NEAR-ийн Дижитал эдийн засгийн хорооны анхдугаар хурал” (6-р сарын 8–9-ний өдрүүдэд, Шэньян хот)-ын бэлтгэл ажлын хүрээнд гишүүн орон нутгуудад урилга хүргүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, илтгэгчдийг урин оролцуулах зэрэг зохион байгуулалтын ажлыг идэвхтэй дэмжиж ажиллалаа.
Үүний үр дүнд БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ, Киргиз Улс зэрэг 5 улсын 18 гишүүн орон нутгийн захиргаа, мөн БНСУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Гадаад эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэн (KIEP)-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар зэрэг холбогдох 3 байгууллага, 2 аж ахуйн нэгжийн нийт 58 төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байна.
Дижитал эдийн засгийн хороо нь Ляонин мужийн санаачилгаар 2023 онд Үльсан хотод болсон “14 дүгээр Бүгд хурал”-н үеэр шинээр байгуулагдсан бөгөөд энэ удаа анх удаагаа хуралдах гэж байна.
Тус хуралд Ляонин мужийн дэд захирагч, БНХАУ-ын Үндэсний мэдээллийн газрын холбогдох албан тушаалтнууд, мөн гишүүн орон нутгуудын дижитал эдийн засгийн бодлогыг хариуцсан гол төлөөлөгчид оролцох бөгөөд үүнд мужийн захирагчийн түвшний 1, дэд захирагчийн түвшний 1, газрын даргын түвшний 7 төлөөлөгч багтаж байна.
Хурлын үеэр Зүүн хойд Азийн бүс нутгийн дижитал шилжилт, шинэ үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаа болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэ удаагийн 2026 оны NEAR-ийн Дижитал эдийн засгийн хорооны хурал”-ын үндсэн хөтөлбөрт:
▲ 6-р сарын 8-нд Ляонин мужийн дэд захирагчтай уулзалт хийх болон албан ёсны хүндэтгэлийн хүлээн авалт,
▲ 6-р сарын 9-нд нээлтийн ажиллагаа, хорооны үндсэн арга хэмжээ (нээлт, сэдэвчилсэн илтгэл, семинар зэрэг), мөн Шэньян хотын дижитал үйлдвэрлэлийн гол объектуудтай танилцах аялал зэрэг багтаж байна.
Хөтөлбөр нь 2 өдрийн хугацаанд нягт, үр өгөөжтэй байдлаар зохион байгуулагдах төлөвтэй байна.
Мөн салбар хорооны семинарын үеэр БНСУ-ын Гадаад эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэн (KIEP)-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга, Канвон тусгай өөртөө засах муж, Тэгү хотод байрлах NEEDS ХХК, Сөүл хотын G&G COMMERCE, LTD ОХУ-ын Приморийн хязгаар, БНХАУ-ын Neusoft, Ляонин Хунту Чуанжань ХХК, Шиньхуасинь зэрэг байгууллага, компаниуд илтгэл тавихаар төлөвлөж байна
Энэ удаагийн хорооны хурал нь дэлхий дахинд хурдацтай өөрчлөгдөж буй дижитал чиг хандлагын хүрээнд хиймэл оюун ухаан (AI), ухаалаг үйлдвэрлэл, цахим худалдаа зэрэг бодит үйлдвэрлэл, бизнесийн солилцооны талбар болж зохион байгуулагдах төлөвтэй байна.
Цаашид ч Ляонин муж нь тус хорооны зохицуулагч орон нутгийн хувиар Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаад хоорондын дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа болон шинэ үйлдвэрлэлийн салбарын солилцоог манлайлан хөгжүүлэх гол тулгуур үүргийг гүйцэтгэнэ гэж хүлээгдэж байна.
※Оролцох хүсэлт гаргасан байгууллага болон оролцогчдын мэдээллийг харахыг хүсвэл ☞энд дарна уу.
※Хятадын оролцогч аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг харахыг хүсвэл☞энд дарна уу.