본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньдун мужийн дэд захирагч Вэнь Нюан нар уулзлаа

2025-09-15

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 9-ний өдөр БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод болсон “NEAR-ийн Далай, загасны аж үйлдвэрийн хорооны 9 дэх удаагийн хурал (Далайн хотуудын дарга нарын уулзалт)”–д оролцох үеэрээ Шаньдун мужийн дэд захирагч Вэнь Нюаньтай (温暖) уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.



Им ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагааны чиг хандлага, мөн Шаньдун мужийн NEAR-ийн үйл ажиллагаанд оролцож буй байдлыг танилцуулж, ялангуяа энэ оноос эхлэн Шаньдун муж нь Далайн хөгжлийн форумтай зэрэгцүүлэн зохион байгуулсан NEAR-ийн Далай, загасны аж үйлдвэрийн хорооны арга хэмжээ амжилттай болсныг онцлон баяр хүргэлээ. Тэрээр “Шаньдун муж болон Чиндао хот нь олон улсын хамтын ажиллагааны баялаг туршлагатай, далайн эдийн засгийн чиглэлийн судалгааны дэд бүтэцтэй газар” хэмээн үнэлээд, “Зүүн Хойд Ази төдийгүй дэлхийн далайн загас агнуурын хөгжлийг манлайлах NEAR Холбооны голлох гишүүн орон нутгийн засаг захиргаа юм” хэмээн онцоллоо. Мөн NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар Шаньдун мужтай хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид Шаньдун муж NEAR-ийн гишүүн орон нутгуудтай харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэв.

Вэнь Нюань дэд захирагч уулзалтын үеэр Шаньдун мужийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, “Шаньдун муж нь далайн салбарт хүчирхэг муж бөгөөд NEAR-тай хамтын ажиллагаандаа ихээхэн ач холбогдол өгдөг” хэмээгээд, “цаашид ч NEAR-ийн олон төрлийн үйл ажиллагааг, ялангуяа Далай, загасны аж үйлдвэрийн хороог улам идэвхжүүлэн ажиллуулах болно” хэмээн хариу илэрхийлэв.



Уулзалтад Шаньдун мужийн талаас Шаньдун мужийн Ардын засгийн газрын нарийн бичгийн даргын орлогч Лу Жэ (卢杰), Шаньдун мужийн Гадаад хэргийн газрын дэд дарга Сүн Ебао (孙业宝), Шаньдун мужийн Далайн газрын дарга Ван Рэнтан (王仁堂), Чиндао хотын дэд дарга Ван Бо (王波) нар, NEAR-ийн талаас Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чой Жү Хва, Гёнги Пёнтэк боомтын корпорацийн Аюулгүй байдлын туршлагын төвийн захирал И Сын Юн, мөн тус корпорацийн Далайн зугаа цэнгэлийн багийн ахлагч И Жон Ёль нар тус тус оролцлоо.