- Ху Юйтинг захирагч 4 дэх удаагийн Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзав -
8 сарын 25-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Жилинь мужийн дэд нарийн бичгийн дарга, захирагч Ху Юйтинг Чанчунь хотноо болсон 4 дэх удаагийн Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтад оролцсон гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Тус уулзалтад NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб, БНСУ-ын Ганвон мужийн дэд захирагч Ёо Чун Хёп, Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, ОХУ-ын Татарстан улсын дэд сайд Равил Ахмедсин, БНАСАУ-ын Шэнян дахь Ерөнхий консул Ма Жонг Су, Япон улсын Шэнян дахь Ерөнхий консул Хамада Такаши нар оролцов. Хятадын талаас Лу Сяндун, Жилинь мужийн дэд захирагч Лю Кай, Лю Вэй нар байлцав.
Ху Юйтинг захирагч уулзалтын үеэр Жилинь мужийн хөгжлийн байдал, эдийн засаг, нийгмийн амжилтыг танилцуулж, дугуй ширээний уулзалт нь орон нутгийн засаг захиргааны итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж онцлов. Мөн автомашины эд анги, ногоон устөрөгч, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны химийн шинэ материал, орчин үеийн хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологийн инноваци зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, соёл, аялал жуулчлалын солилцоог гүнзгийрүүлэн харилцан ашигтай хөгжилд хүрэхийг уриалсан байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хэлэхдээ Жилинь муж 2005 оноос Зүүн Хойд Азийн үзэсгэлэнг зохион байгуулж, 2014 онд NEAR Холбоонд гишүүнээр элссэнээс хойш 2019 оноос дугуй ширээний уулзалт зохион байгуулж Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны төв болсон гэв. Тэрээр 4 дэх удаагийн уулзалт нь түүхэн дэх хамгийн том хэмжээний арга хэмжээ болж, Жилинь мужийг Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагаанд тэргүүлэгч, чиглүүлэгч болгох чухал боломж болно гэж үнэлсэн байна. Мөн NEAR Холбоо нь 9 улс, 91 орон нутгийн засаг захиргааг хамарсан хамгийн том олон талт орон нутгийн засаг захиргааны платформ болсон гэдгийг онцолж, цаашид Жилинь мужтай хамтран бүс нутгийн хамтын хөгжил, энх тайванд хувь нэмрээ оруулах болно гэж мэдэгджээ.
Оролцогчид мөн үг хэлэхдээ Жилинь мужийн аж үйлдвэр, хөгжлийг онцолж, эдийн засаг, үйлдвэрлэлийн бодит хамтын ажиллагаа болон соёл, хүмүүнлэгийн солилцооны замаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн байна.

Уулзалтын дараа Лю Кай дэд захирагч зочдод хүндэтгэлийн зоог барилаа.