본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ганьсү муж, Хунан, Чинхай муж, Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2025-03-17

Бичлэг оруулах

Admin

첨부파일

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 сарын 12-ны өдөр Жэжү Лотте зочид буудалд болсон "2025 NEAR Гишүүн орон нутгуудын хурал"-д оролцсон Ганьсү, Хунань, Чинхай муж, Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрээр цаг зав гарган хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Энэ удаагийн хурал нь 6 улсын 46 нутгийн захиргааны байгууллага, 6 холбогдох байгууллагын нийт 111 хүн оролцсон, урьд өмнө зохион байгуулагдаж байгаагүй хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж буйг онцлон тэмдэглэв.

Ганьсү мужийн төлөөлөгчдөд хандан тус муж нь 2023 онд NEAR-ийн албан ёсны гишүүнээр элссэнээс хойш олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, ялангуяа 2024 оны 8-р сард Сөүл хотноо болсон "Ганьсү мужийн эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сурталчилгааны уулзалт"-д NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж, "Ланьжөү худалдааны зөвлөгөөн", "Дүнхуан соёлын экспо" зэрэг арга хэмжээнд хамтран ажилласан явдлыг өндрөөр үнэлэв.

Чинхай мужийн төлөөлөгчдөд хандан 2024 онд NEAR-ийн шинэ гишүүнээр элссэнд баяр хүргэж, NEAR-ийн платформийг ашиглан БНСУ болон бусад гишүүн оронтой бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

Тяньжин хотын төлөөлөгчдөд хандан тус хотын NEAR-д элсэх үйл явцыг NEAR-ийн Хэрэг эрхлэх газар ихээхэн ач холбогдол өгч буйг дурдсан бөгөөд, одоогоор ажиглагчийн хувиар NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг сайшаав. Цаашид Тяньжин хотыг албан ёсны гишүүн болгохыг хүлээж буйгаа онцлов. Мөн Тяньжин хотын төлөөлөгчид Пухан хотод зочлон, Бинхай шинэ дүүрэг болон Пухан хотын бодит хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн явдалд өндөр ач холбогдол өгч, тус дүүрэг болон Пухан хотын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийг хүсэн ерөөв.

Хунань мужийн төлөөлөгчдөд хандан тус муж нь 2005 онд NEAR-д элсэж, Холбооны 12 дахь удаагийн даргын үүргийг гүйцэтгэж байсан төдийгүй Шинэчлэлийн хороог удирдан NEAR-ийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдав. Ялангуяа 2024 онд Жанжияжэ хотод зохион байгуулагдсан "Шинэчлэлийн хорооны анхдугаар хурал"-ыг амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлэв.

 


Хятадын гишүүн орон нутгийн төлөөлөгчид арга хэмжээнд урьсан явдалд талархал илэрхийлээд, энэ удаагийн хуралд оролцох боломжийг ашиглан NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон бусад гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхээ мэдэгдэв.