동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын орон нутгийн удирдлагуудыг хүлээн авч уулзав2023-10-27

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 24-ний өдөр NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол улсын аймгийн Засаг дарга (Орлогч дарга) нарыг хүлээн авч уулзав.

 

    Тэрээр энэ удаагийн Бүгд хуралд Монгол улсын аймгуудын тал хувь нь оролцож байгаад талархал илэрхийлж, цаашид Монгол улсын орон нутгууд гишүүний хувиар NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэв. Мөн NEAR-ийн 6 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоноос хойш Монгол улсын гишүүн орон нутгуудтай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны талаар танилцуулав.



    Хариуд нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ удаагийн Бүгд хуралд урьсан явдалд болон NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Булган аймгийн төрийн албан хаагчийг Монгол төлөөлөгчөөр сонгож ажиллуулах болсонд талархал илэрхийлэв. 


    Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Говьсүмбэр аймаг Монгол улсын хамгийн отгон аймаг болохыг онцлон хэлээд COVID-19 өвчин дэгдсэний улмаас биечлэн уулзах боломж гарахгүй удсаны эцэст энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлэв. Мөн Говьсүмбэр аймгийн хувьд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хөдөөгийн сэргэлт” бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус аймаг нь төмөр зам, ложистик, дэд бүтэц сайн хөгжсөн давуу талтай тул энэ чиглэлээр хамтран ажиллах хувь хүн, ААНБ-д дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.  


    Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өнгөрсөн 9 дүгээр сард Өвөрмонголын ӨЗО-д зохион байгуулагдсан Хятад, Монголын экспонд оролцох үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзаж байсан бол энэ удаад дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, NEAR-ийн Бүгд хуралд 4 дөх удаагаа оролцож байгааг дурдав. Мөн NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас төлөвлөж буй гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдад зориулсан сургалтад Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчдийг явуулах болно гэв. 


    Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд Увс аймаг 2006 онд NEAR-ийн гишүүнээр элссэнээс хойш тус Холбооны үйл ажиллагаанд танхимаар болон цахимаар идэвхтэй оролцож ирсэн. Тэр тусмаа NEAR-аас жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн гар зургийн уралдаан”-д Увс аймгийн сурагчид идэвхтэй оролцож, 2021, 2022 онуудад жил дараалан шагналт байранд орж байсныг сонирхуулав. Цаашид NEAR Холбоогоор дамжуулан хүүхэд сурагчид болон төрийн албан хаагчдын солилцоо явуулахыг хүсч байгаагаа уламжлаад энэ удаагийн Бүгд хурал 5 улсын гишүүн орон нутгууд харилцах сайхан боломж олгож байгааг онцлон тэмдэглэв. 


    Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа орон нутгуудын хамтын ажиллагааг явуулахад NEAR Холбоо шиг байгууллага чухал гэдгийг онцлон тэмдэглээд олон улсын нөхцөл байдал таагүй хэдий ч орон нутгууд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх шаардлагатай. Ховд аймгийн хувьд Монгол улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй боомтын үйл ажиллагааг сэргээх, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг идэвхжүүлэх гэсэн 3 чиглэлээр NEAR-ийн гишүүн орон нутгуудтай хамтран ажиллах боломжтойг дурдав. Ялангуяа Ховд аймаг “Шинэ сэргэлт” бодлогын дагуу усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарт Монголд манлайлагч орон нутаг гэдгийг онцлон хэлэв. Мөн хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байгааг дурдаад NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зүгээс дээрх үйл ажиллагааны хувьд холбогдох газрыг санал болгож, дэмжиж ажиллахыг хүсэв. 


    Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав энэ удаагийн Бүгд хуралд урьсан явдалд талархал илэрхийлээд Монгол улсад ирсэн жуулчдын багагүй хувь нь Хөвсгөлд аймгийг зорьдог, тэр тусмаа Солонгос жуулчид их ирдэг болохыг онцлон хэлэв. Тэрээр энэ удаагийн Бүгд хуралд оролцсоны дараа Хөвсгөл аймагтай харилцаа, хамтын ажиллагаатай Дэжон хотын Со дүүрэгт зочлох төлөвлөгөөтэй гэдгээ дуулгав. 


    Төв аймгийн Засаг дарга Б.Мөнхбаатар өнгөрсөн удаа Төв аймгийн Баяр наадамд оролцох урилгыг хүлээн авч Төв аймагт зочилсон Им Бён Жин даргад талархал илэрхийлэв. Тэрээр NEAR Холбоо цаашид эдийн засгийг идэвхижүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдгийг онцлон хэлээд Төв аймаг болон NEAR-ийн зарим гишүүн орон нутгууд гишүүнээр байдаг EATOF зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагааг явуулахыг санал болгов. 


    Энэ удаагийн уулзалтад Булган, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн Засаг дарга 10, аймгийн Засаг даргын орлогч 1, Монгол Улсаас нийт 24 төлөөлөгч оролцсон.