2025 оны 8 сарын 8-ны өдөр Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНСУ-ын Гёнжу хотноо айлчилж буй БНХАУ-ын Ганьсу мужийн Дунхуан хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Яньцюнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR Холбооны бүтэц, сүүлийн үеийн үйл ажиллагаа, энэ жилийн гол арга хэмжээ болон Хятадын гишүүн орон нутгуудын хамтын ажиллагааны жишээг танилцуулж, ялангуяа Ганьсу муж болон NEAR-ын хамтын ажиллагааны талаар онцлон дурдав. Мөн цаашид Дунхуан хот нь Ганьсу мужийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, аялал жуулчлалын хорооны хурал зэрэг NEAR Холбооны арга хэмжээнд идэвхтэй оролцохын зэрэгцээ NEAR-ийн платформыг ашиглан бүс нутгийн гишүүн орон нутгуудтай бодитой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Дунхуан хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Яньцюнь NEAR Холбооны танилцуулга болон сүүлийн үеийн үйл ажиллагааны талаарх мэдээллээс үзэхэд тус байгууллага нь Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой платформ болохыг онцлон тэмдэглэв. Тэрээр Дунхуан хот нь эртний Торгоны замын чухал гарц бөгөөд ЮНЕСКО-гийн соёл, түүхийн гурван дурсгалт газрыг эзэмшдэг гэдгийг дурдаад цаашид NEAR-тай хамтран соёл, аялал жуулчлалын чиглэлээр олон улсын арга хэмжээ зохион байгуулах, мөн гишүүн орон нутгуудын хооронд эрдэм шинжилгээний солилцоог өрнүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Мөн тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг 8 дахь удаагийн “Торгоны зам (Дунхуан) олон улсын соёлын экспо”-д албан ёсоор урив.

Энэхүү уулзалтад NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва, Дунхуан хотын Соёл, аялал жуулчлалын группийн төлөөлөгч Ван Лицзюнь, Дунхуан хотын Худалдааны газрын дарга Гун Хайюн, Гадаад харилцааны албаны орлогч дарга Юү Жинмэй нар оролцов.