– Зүүн Азийн 7 орны 45 залуус, Гёнсанбүг мужийн Пухан хотод
"NEAR Загвар Чуулган"-ыг зохион байгуулна–
2025 оны 8-р сарын 5-ны өдөр БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хот дахь Хандун их сургуулийн их танхимд “Дэлхийн ногоон өсөлт ба залуу манлайлагчдын үүрэг” сэдвийн хүрээнд “2025 NEAR Залуучуудын Манлайллын форум”-ын нээлт боллоо.
Форумыг нээж NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин үг хэлж, дараагаар нь Хандун их сургуулийн захирал Чэй Ду Сон залуусыг угтан мэндчилгээ дэвшүүлэв. Мөн БНСУ дахь Узбекистан улсын Элчин сайд, Бүсан хот дахь Монгол Улсын Консул, Орос, Хятад Улсын Ерөнхий консулууд видео мэндчилгээ дэвшүүлсэний дараа форумд оролцогчид өөрсдийгөө танилцуулж, сэтгэгдлээсээ хуваалцав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үгэндээ “Дэлхий болон Зүүн Азийн нөхцөл байдал хамтын ажиллагаа, өрсөлдөөнөөс илүүтэй зөрчил, үл ойлголцол нэмэгдэж буй энэ үед залуу манлайлагчид хамтдаа цуглан харилцан ойлголцож, нөхөрлөлийг бий болгон, харилцан хүндлэл, ойлголцлын үзэл санааг хуваалцах нь ирээдүйн бүс нутгийн хамтын хөгжил болон энхийн чухал суурь болох юм” хэмээн онцлоод энэ удаагийн үйл ажиллагаа Зүүн хойд Азийн хамтын хөгжил, энх тайвны суурийг тавих эхлэл болно гэж найдаж байна” гэв.

Хандун их сургуулийн захирал Чэй Ду Сон “Өөр өөр хэл, соёлтой залуус нийт хүн төрөлхтнийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн саармагжуулалт зэрэг дэлхийн түвшний сорилтын өмнө нэгдэж, бодит ойлголцолд хүрнэ гэдэг нь дэлхий дахинд үнэт хувь нэмэр оруулах эхлэл болно” хэмээн онцоллоо.
Дараагаар нь БНСУ дахь Монгол, Орос, Хятад, Узбекистан 4 улсын ЭСЯ, Ерөнхий консул, Консулын газраас ирүүлсэн видео мэндчилгээг залуучуудад хүргэж, дипломат албаны байгууллагуудаас ч энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буйг харууллаа.

Узбекистан улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Алишер Абдусаломов NEAR Залуучуудын манлайллын форумыг зохион байгуулж буйд баяр хүргээд “Дэлхийн ногоон өсөлт ба залуу манлайлагчдын үүрэг” сэдэв нь Узбекистан улсын Засгийн газрын бодлогын чиглэлтэй уялдаж байгааг онцолж, форумд оролцож буй Узбекистаны залуусдаа амжилт хүсэв. Мөн энэ удаагийн форум бүс нутгийн хөгжил, энх тайванд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-аас БНСУ-ын Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Иль Пю эрс өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд залуус ногоон өсөлтийн гол оролцогч байх ёстойг сануулж, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэв.

ОХУ-аас БНСУ-ын Бүсан хотод суугаа Ерөнхий консул Оксана Дудник форумыг бүтээлч санаа, туршлагаа солилцох чухал платформ хэмээн үнэлж, байгаль орчин, бүс нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн хамтын ажиллагааны эхлэл болохыг хүсэв.

Монгол Улсаас БНСУ-ын Бүсан хотод суугаа Консул Ц.Жадамбаа мэндчилгээндээ залуусыг энэхүү форумаар дамжуулан мэдлэг, туршлагаа солилцож, Зүүн хойд Азийн хамтын хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалж, Монголын оролцогчдод амжилт хүсч, идэвхтэй оролцоогоор хамтдаа манлайллыг хөгжүүлэхийг уриалав.

7 дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форум нь 8-р сарын 4-нөөс 8-ныг хүртэл үргэлжилж, олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ жилийн онцлог нь бүх үйл ажиллагаа солонгос хэлээр явагдаж, оролцогчдод Солонгосын хэл, соёлтой илүү гүн танилцах боломжийг олгож буй явдал юм.

Форумын үндсэн сэдвүүд: “Ногоон өсөлтийг тэргүүлэх залуу манлайлагчийн үүрэг”, “Ногоон хөгжлийн төсөл ба олон улсын хамтын ажиллагааны загварууд”
Хөтөлбөрийн хүрээнд: NEAR байгууллагын загвар хуралдаан,
Тусгай лекцүүд :
- “Дипломат” тусгай лекц – Кан Сог Хи (Гёнсанбүг мужийн ОУ-ын харилцааны элч)
- “Олон улсын байгууллагуудын тухай ойлголт” – Банг Чон Руг (Хандун их сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал)
- “Пухан хотын байгаль орчны бодлого” – Пак Сон Ён (Байгаль орчны бодлогын хэлтсийн дарга)
Бусад хөтөлбөр :
- Соёлын солилцооны үдэшлэг
- Гёнжү хотын соёлтой танилцах аялал – APEC-ийн Дээд хэмжээний уулзалт болох газар
- Солонгосын соёлтой танилцах үйл ажиллагаа
- Экологид ээлтэй, дахин боловсруулах бүтээгдэхүүнтэй танилцах туршлага
Эдгээр үйл ажиллагаа нь оролцогч залуусын олон улсын харилцааны талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлж, APEC-ийн Дээд хэмжээний уулзалтыг сурталчлан, Гёнсанбүг муж болон Пухан хотын онцлог, Солонгосын соёлыг танин мэдэх үнэ цэнтэй боломжийг олгож байна.
Уг форумыг NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар, Хандун их сургууль хамтран зохион байгуулж, Гёнсанбүг муж болон Пухан хот ивээн тэтгэсэн болно.