Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8 сарын 28-ны өдөр Сөүл хотын “Four Seasons” зочид буудалд зохион байгуулагдсан БНХАУ, БНСУ, Япон Улсын Хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар (TCS)-ын удирдлагын бүрэлдэхүүн солигдох ёслолын арга хэмжээнд оролцов.
Энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Нишиока Тацүши (Япон Улс), дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жин (БНХАУ), Ким Хан Гю (БНСУ) нартай уулзаж, шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэв.
Тэрээр NEAR-ийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар товч танилцуулж, TCS болон NEAR нь өнгөрсөн хугацаанд харилцан нягт хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн TCS-ийн шинээр томилогдсон удирдлагын багтай цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв


Түүнчлэн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соп, дэд Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Лян, Зүшиши Сюүжи нартай уулзаж, бүрэн эрхийнхээ хугацаанд БНХАУ, БНСУ, Япон Улсын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтад нь талархал илэрхийлэв. Мөн NEAR-ийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэнд нь гүн талархал илэрхийллээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайдын зөвлөх Жон И Хэ, БНСУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Бао Шюйхуй, БНСУ дахь Япон Улсын Элчин сайдын яамны Дэд элчин сайд Чүжо Казүо, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Шин Бон Гил, Япон Улсын Олон улсын харилцааны сангийн Сөүл дэх Соёлын төвийн захирал Шого Шүнсүкэ, CREA-ийн Сөүл дэх салбарын захирал Фүжита Эцүо зэрэг зочид, төлөөлөгчидтэй уулзав.
Уулзалтын үеэр тэрээр NEAR-ийн үйл ажиллагааны талаар танилцуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа болон талуудын харилцан сонирхсон бусад асуудлаар санал бодлоо солилцов.



Тус өдөр болсон TCS-ийн удирдлагын бүрэлдэхүүн солигдох ёслолын арга хэмжээ бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Сопын үгээр эхэлж, дараа нь шинээр бүрдсэн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг танилцуулав.
Үүний дараа TCS-ийн шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Нишиока Тацүши албан тушаалаа хүлээн авч буйтай холбогдуулан үг хэлэв. Мөн БНСУ-ын Гадаад хэргийн яам, БНХАУ болон Япон Улсын Элчин сайдын яамдын төлөөлөгчид шинэ удирдлагын бүрэлдэхүүнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Дашрамд дурдахад, TCS нь БНХАУ, БНСУ, Япон Улсаас тус бүр нэг төлөөлөгчөөс бүрдсэн Зөвлөлдөх зөвлөлтэй бөгөөд нэг Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр дэд Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг БНХАУ, БНСУ, Япон Улс ээлжлэн хариуцдаг. Энэ удаагийн удирдлагын бүрэлдэхүүнд Япон Улсын төлөөлөгч Ерөнхий нарийн бичгийн даргын, БНСУ болон БНХАУ-ын төлөөлөгчид тус бүр дэд Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хариуцан ажиллахаар болжээ