본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

“NEAR-ийн 30 жилийн ой: Зүүн хойд Ази+2 орон нутгийн хамтын ажиллагааны форум” зохион байгуулагдлаа

2026-08-24

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.JPG

첨부파일


  • БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Мьянмар, Лаос, Камбож зэрэг 6 улсын БНСУ-д суугаа Элчин сайд болон дипломат төлөөлөгчид оролцов.
  • Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны 30 жилийн үр дүнг дүгнэж, улс хоорондын зөрчилдөөнийг даван туулж, орон нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагаа болон хэвлэл мэдээллийн үүргийн талаар хэлэлцэв.
  • NEAR-ийн Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагаанд гүйцэтгэж буй үүргийг эерэгээр үнэлж, хамтын ажиллагааны платформыг Төв Ази болон АСЕАН-ы орнуудад өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны Хэрэг эрхлэх газар байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 8-р сарын 20-ны өдөр Сөүл хотын Солонгосын Хэвлэлийн төвд “NEAR-ийн 30 жилийн ой: Зүүн хойд Ази+2 орон нутгийн хамтын ажиллагааны форум”-ыг зохион байгууллаа.

Тус форумд БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчид, олон улсын байгууллага болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, БНСУ, БНХАУ, Япон, ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид зэрэг нийт 70 гаруй хүн оролцов.

Энэхүү форумыг NEAR-аас сүүлийн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг дүгнэх, мөн сүүлийн үед хамтын ажиллагааны хүрээг Төв Ази болон Зүүн Өмнөд Ази хүртэл өргөжүүлсэн “Зүүн хойд Ази+2” орон нутгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлийг хэлэлцэх зорилгоор зохион байгуулжээ.



NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 1996 онд БНСУ, БНХАУ, Япон, ОХУ гэсэн 4 улсын 29 орон нутгийн засаг захиргааны оролцоотойгоор байгуулагдсан NEAR нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн хэмээн үнэлэв.

Тэрээр сүүлийн үед “NEAR+2” бодлогын хүрээнд хамтын ажиллагааны цар хүрээг Төв Ази болон Зүүн Өмнөд Ази руу тэлж, улмаар 10 улс, 95 гишүүн орон нутгийн засаг захиргаа оролцсон олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ болон хөгжсөн болохыг онцоллоо.

Мөн тэрээр “Энэхүү форум нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа эргэн дүгнэж, хурдацтай өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлын дунд NEAR болон ‘Зүүн хойд Ази+2’ орон нутгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг эрэлхийлэхийн зэрэгцээ, бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөөх хамтын ажиллагааны сүлжээг улам бэхжүүлэх чухал боломж болно гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэв.



Гёнсанбүг мужийн Эдийн засгийн орлогч дарга Ян Гым Хи баяр хүргэж хэлсэн үгэндээ:

“1996 онд байгуулагдсан NEAR нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон бэрхшээл тулгарсан хэдий ч үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэн хөгжүүлж, өнөөдөр Зүүн хойд Азиас хальж, Төв Ази болон АСЕАН-ы орнуудыг хамарсан, нөлөө бүхий ‘Зүүн хойд Ази+2’ орон нутгийн хамтын ажиллагааны байгууллага болон өргөжин хөгжсөн” хэмээн онцлов.

Мөн тэрээр Гёнсанбүг муж NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлж буй гол гишүүн орон нутгийн засаг захиргааны хувьд NEAR нь “Зүүн хойд Ази+2” орон нутгийн хамтын ажиллагааг манлайлан хөгжүүлж, цаашид илүү нөлөө бүхий олон улсын байгууллага болон хөгжихөд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдэв.



БНСУ-ын НҮБ-д суугаа Ерөнхий элчин сайдаар ажиллаж байсан, Бан Ги Мүн сангийн Гүйцэтгэх захирал Ким Сүг “Зүүн хойд Ази+2 орон нутгийн хамтын ажиллагаанд NEAR-ийн гүйцэтгэх үүргийн үнэлгээ болон цаашдын хөгжлийн чиглэл” сэдвээр үндсэн илтгэл тавив.

Тэрээр илтгэлдээ сүүлийн 30 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын олон талт хамтын ажиллагааны платформ болон хөгжиж ирсэн NEAR-ийн үүрэг, ололт амжилтыг үнэлээд:

“Олон улсын нөхцөл байдалд гарч буй шинэ өөрчлөлтийн улмаас Зүүн хойд Ази бүс нутаг зөрчил, сөргөлдөөний нөхцөл байдалд орсон ч орон нутгийн засаг захиргаадын олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ болох NEAR хэмээх олон улсын байгууллагаар дамжуулан орон нутгийн засаг захиргаадын харилцан ойлголцол, харилцаа, хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж чадна. Ингэснээр улс хоорондын зөрчлийг намжааж, цаашид харилцааг сайжруулах боломжийг эрэлхийлэхэд чухал суурь болж чадна” хэмээв.




“Зүүн хойд Ази+2 орон нутгийн хамтын ажиллагааны бодлого болон цаашдын хөгжлийн чиглэл” сэдвээр зохион байгуулагдсан 1 дүгээр хуралдаанд БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев, мөн улсад суугаа Монгол Улсын Элчин сайд С.Сүхболд, БНСУ, БНХАУ, Япон улс буюу гурван улсын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар(TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб, Солонгосын Хот, мужийн захирагчдын холбооны Олон улсын харилцааны дэмжлэгийн албаны дарга асан Ха Тэ Ёг нар илтгэл тавьж, БНСУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Дай Бин цахим хэлбэрээр оролцов.

Илтгэгчид улс тус бүрийн орон нутгийн хамтын ажиллагааны бодлого, NEAR-ийн гүйцэтгэх үүрэг, цаашид бүс нутгууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам зэрэг асуудлаар санал, байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд БНСУ-д суугаа Камбож улсын Элчин сайд Кун Пон Раттанак Зүүн хойд Ази болон АСЕАН-ы орнуудын хоорондын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо хуваалцлаа.





Улс орнуудын дипломат төлөөлөгчид сүүлийн үеийн олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн улмаас Зүүн хойд Азийн орнуудын хоорондын зөрчил хурцдаж, бүс нутгийн тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа хэдий ч орон нутгийн засаг захиргаадын хоорондын харилцаа, солилцоог үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв.

Мөн Зүүн хойд Азиас хальж, Төв Ази болон Зүүн Өмнөд Ази руу хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлж буй NEAR нь бүс нутгуудын хоорондын харилцаа, харилцан итгэлцлийг бий болгох олон талт хамтын ажиллагааны платформын хувьд үүргээ цаашид улам бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.
(Улс бүрийн Элчин сайд нарын дэлгэрэнгүй байр суурийг “Korea Times” сонины нийтлэлээс үзнэ үү.)



Үүний дараа болсон 2-р хуралдааныг БНСУ-ын Нигата дахь Ерөнхий консул асан, мөн Жүн-Ан Ильбо сонины Токио дахь салбарын дарга асан У Ён Хван удирдан явуулж, “Хэвлэл мэдээллийн зүгээс харж буй Зүүн хойд Ази+2 орон нутгийн хамтын ажиллагааны чиглэл, төлөв, санал зөвлөмж” сэдвээр БНСУ, БНХАУ, Японы хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн төгсгөлийн хэлэлцүүлэг зохион байгуулагдав.



Төгсгөлгийн хэлэлцүүлэгт “Майничи Шимбуни” сонины сэтгүүлч, Чайна ТВ-ийн сэтгүүлч Жү Хун Ви, KBS-ийн продюсер Пак Жин Бом, Хангүг Ильбо сонины сэтгүүлч Жон Мин Сын, Newsis-ийн сэтгүүлч Гу Жа Рён нар оролцов.

Тэд хэвлэл мэдээллийн байгууллагын байр сууринаас Зүүн хойд Азийн бүс нутгийн олон улсын нөхцөл байдал болон орон нутгийн хамтын ажиллагааны орчныг үнэлж, мөн орон нутгийн засаг захиргаадын хоорондын харилцаа, солилцоог өргөжүүлэх, бүс нутгийн иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг болон хамтын ажиллагааны цаашдын чиглэл талаар олон талын санал бодлоо илэрхийлэв.


Ялангуяа форумд оролцсон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид улс хоорондын улс төр, дипломат харилцаанаас үл хамааран орон нутгийн засаг захиргаа болон иргэд, хувийн хэвшлийн түвшний харилцаа, солилцоог үргэлжлүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Мөн энэхүү харилцаа, хамтын ажиллагааны үр дүнг улс орнуудын иргэдэд илүү өргөн хүрээнд хүргэж мэдээлэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд бүс нутгуудын харилцан ойлголцол, харилцаа холбоог өргөжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ.




Форумын дараа зохион байгуулсан үдийн зоогийн үеэр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ким Уг Чэ, Жолланам-Гванжүгийн нэгдсэн тусгай хотын Олон улсын харилцааны Элчин сайд Пак Чоль Жү, Чүнчонбүг мужийн Олон улсын харилцааны Элчин сайд Ю Жон Хён нар хундага өргөж, NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойд баяр хүргэн, цаашид орон нутгийн засаг захиргаадын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжихийг ерөөв.


Энэхүү форум нь NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн 30 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын хоорондын хамтын ажиллагааны хүрсэн үр дүнг эргэн дүгнэж, улс хоорондын зөрчил болон олон улсын тодорхойгүй байдал нэмэгдэж буй нөхцөлд ч орон нутгийн засаг захиргаадын хоорондын тасралтгүй харилцаа, хамтын ажиллагаа нь бүс нутгийн харилцан итгэлцлийг бий болгох, хамтын хөгжил цэцэглэлтийг хангах чухал суурь болохыг дахин нотолсон ач холбогдолтой үйл явдал боллоо.


Мөн NEAR нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлуулсан олон талт хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан Зүүн хойд Азиас хальж, Төв Ази болон Зүүн Өмнөд Азийг холбосон “Зүүн хойд Ази+2” орон нутгийн засаг захиргаадын олон талт хамтын ажиллагааны платформ болон цаашид хөгжих шинэ алхам болсон байна.


Ашигласан материалын линк

Жүнан илбо : https://www.joongang.co.kr/article/25454447

Ньюсис : https://www.newsis.com/view/NISX20260820_0003756154

Шина илбо : https://www.shinailbo.co.kr/news/articleView.html?idxno=5053194

Кореа Таймс : https://www.koreatimes.co.kr/foreignaffairs/20260822/envoys-call-for-northeast-asia-cooperation-to-weather-global-uncertainty