Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8 сарын 11-ний өдөр БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Чэнь Рибаог Пухан хотод айлчилах үеэр уулзаж, оройн зоог барин харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин саяхан БНХАУ-ын Бээжин хот болон Чинхай мужид ажилласан албан томилолтын үр дүнг танилцуулав. Түүнчлэн энэ оны эхний хагаст зохион байгуулсан гурван салбар хорооны хурал, Холбоог тэргүүлэгч орон нутгаас зохион байгуулсан Дээд түвшний ажлын хэсгийн хурал, Холбооны Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан гишүүн орон нутгуудын хурал, төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр зэрэг гол арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Мөн оны хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж буй томоохон арга хэмжээнүүдийг танилцуулав. Үүнд:
▲ 8 сарын 20-ны өдөр БНСУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн салбарынхан оролцох “Зүүн хойд Ази+2 Орон нутгийн хамтын ажиллагааны форум”
▲ 10 сарын 9-ний өдөр “2026 Дэлхийн Гёнжү форум”-ын салбар хуралдаан хэлбэрээр зохион байгуулах “2026 NEAR Залуучуудын бодлогын форум”;
▲ 11 сарын 12-ны өдөр Гёнсанбүг мужийн захирагч болон NEAR Холбоог өмнө нь тэргүүлж байсан орон нутгийн захиргаадын удирдлагууд оролцох “NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форум” зэрэг багтаж байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR Холбооны хөгжил, үйл ажиллагаанд БНХАУ-ын гишүүн орон нутгийн захиргаадын оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүргийг өндрөөр үнэлэв. Тэрээр цаашид Бээжин хот, Хэбэй, Жянши зэрэг БНХАУ-ын орон нутгийн захиргаадыг NEAR Холбоонд гишүүнээр элсүүлж, гишүүнчлэлийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа дурдаад Ерөнхий консулын газрыг NEAR-ийн үйл ажиллагаанд цаашид ч анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
Ерөнхий консул Чэнь Рибао NEAR Холбоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд БНСУ, БНХАУ-ын орон нутгийн захиргаадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлэв. Тэрээр NEAR Холбоо сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааныхаа хүрээг Төв Ази болон АСЕАН-ы бүс нутаг руу тэлж, олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хувьд ач холбогдол нь улам бүр нэмэгдэж байгааг онцлоод, цаашид ч Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Мөн Пухан хот болон Тяньжин хотын Биньхай шинэ дүүргийн хооронд найрсаг харилцаа тогтоох асуудлыг хөндөж, хоёр талын найрамдалт хотын харилцааг ойрын хугацаанд албажуулахад боломжит хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий консул Чэнь Рибао Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг ирэх 9 сарын 17-ны өдөр Бүсан хотноо зохион байгуулагдах БНХАУ байгуулагдсаны 77 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт-д оролцохыг урив.