Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8 сарын 10-ны өдөр Гёнсанбүг мужийн захиргаанд зочилж, тус мужийн захирагч И Чоль Ү-тэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү-д хандан мужийн захирагчаар гуравдахь удаагаа улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Тэрээр энэ оны эхний хагас жилийн NEAR Холбооны үйл ажиллагааны голлох үр дүн, ололт амжилтыг танилцуулахын зэрэгцээ оны хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж буй томоохон арга хэмжээнүүдийн талаар мэдээлэв. Тухайлбал, дипломат төлөөлөгчдийг урьж оролцуулах “NEAR+2 Орон нутгийн хамтын ажиллагааны форум” (8 сарын 20), “Дэлхийн Гёнжү форум”-ын хүрээнд зохион байгуулах “NEAR Залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааны форум” (10 сарын 9), мөн “NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форум” (11 сарын 12)-ын бэлтгэл, зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа. Үүний зэрэгцээ 11 сард Гёнжү хотод болох “NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форум”-д хүрэлцэн ирж оролцохыг захирагч И Чоль Ү-гээс хүслээ.
Түүнчлэн Гёнсанбүг муж NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлж, NEAR Холбоог зөвхөн Зүүн Хойд Азиар хязгаарлагдахгүй Төв Ази болон АСЕАН-ы бүс нутгийг хамарсан орон нутгийн засаг захиргаад хоорондын олон талт солилцоо, хамтын ажиллагааны томоохон платформ болон хөгжихөд идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Мөн ирэх онд NEAR Холбооны дараагийн тэргүүлэгчийг БНСУ-ын талаас хүлээн авах ээлж тохиож буйг дурдаж, Гёнсанбүг муж NEAR Холбооны дараагийн тэргүүлэгчийн үүргийг хүлээн авах асуудалд анхаарал хандуулан авч үзэхийг хүсэв.
Үүний хариуд Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү “NEAR нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн түвшний засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагаанд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн үйл ажиллагааг нь өндрөөр үнэлэв.
Тэрээр оны хоёрдугаар хагаст төлөвлөсөн томоохон арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдаж “NEAR нь Зүүн Хойд Азиас хальж Төв Ази болон АСЕАН-ы бүс нутгийг хамарсан, улам нөлөө бүхий орон нутгийн засаг захиргаадын олон улсын байгууллага болон хөгжинө гэдэгт найдаж байна” хэмээн онцлов. Түүнчлэн Гёнжү хотод зохион байгуулах NEAR байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форумд оролцохоо илэрхийлж, NEAR-ын дараагийн даргалагчийн үүргийг хүлээн авах асуудлыг судлан үзэхээ мэдэгдэв.
Гёнсанбүг мужийн захирагч И Чоль Ү 2008–2017 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүнээр гурван удаа сонгогдон ажилласан бөгөөд 2018 оноос хойш Гёнсанбүг мужийн захирагчийн албыг хашиж, өдгөө гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин захирагч И Чоль Ү-тэй уулзахын зэрэгцээ тус мужийн Захиргааны асуудал хариуцсан дэд захирагч Хван Мён Сог, Эдийн засаг, худалдааны газрын дарга И Гён Гон зэрэг албаны хүмүүстэй уулзав.
Уулзалтаар NEAR Холбооны энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны голлох үр дүн, оны хоёрдугаар хагаст зохион байгуулах арга хэмжээний хуваарийг танилцуулж, тус Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойн олон улсын форумтай хамтатган зохион байгуулах Эдийн засаг, хүмүүнлэгийн салбар хорооны арга хэмжээг амжилттай зохион байгуулахын төлөө талууд цаашид нягт хамтран ажиллахаар боллоо.