- ОХУ-ын Буриадын БНУ-д болсон NEAR Холбооны Дээд түвшний Ажлын хэсгийн 15-р хуралд 7 улсын 33 гишүүн орон нутгийн захиргаа, 5 дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцов
- Япон улсын Окинава муж, ОХУ-ын Татарстаны БНУ, БНКУ-ын Дорнод Казахстан муж, Мьянмар улсын 3 муж зэрэг 6 орон нутаг гишүүн элссэнээр NEAR-ийн гишүүнчлэл 10 улсын 96 орон нутгийн захиргаанд хүрч өргөжив
- ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргаадын хамтын ажиллагаанд гүйцэтгэж буй NEAR-ийн үүргийг өндөр үнэлэв
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Дээд түвшний Ажлын хэсгийн 15-р хурал 2026 оны 6 сарын 17–19-ний өдрүүдэд Холбооны тэргүүлэгч байгууллага болох ОХУ-ын Буриадын БНУ-ын Нийслэл Улаан-Үд хотноо амжилттай болж өнгөрлөө. Тус хуралд Хятад, Япон (цахимаар), Өмнөд Солонгос, Монгол, Орос, Казахстан, Мьянмар (цахимаар) зэрэг 7 улсын 33 орон нутгийн захиргааны төлөөлөгчид болон 5 дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл бүхий нийт 100 гаруй хүн хамрагдав. Олон улсын нөхцөл байдал болон БНСУ-д болсон орон нутгийн сонгуулийн улмаас оролцогчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг буурсан хэдий ч хот, мужийн Захирагчийн орлогчоос дээш түвшний 10 төлөөлөгч, газрын даргын түвшний 20 гаруй албан тушаалтан оролцсон нь өнөөгийн сорилттой олон улсын байдалд ч Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл, хамтын ажиллагааны ач холбогдол өндөр хэвээр байгааг харууллаа.

Түүнчлэн хурал эхлэхийн өмнө Буриадын БНУ-ын Тэргүүн Алексей Цыденов хуралд оролцсон буй аймаг, мужийн 3 Засаг дарга, 7 Орлогч дарга, Тамгын газрын дарга болон дэд даргын түвшний 11 албан тушаалтан, орон нутгийн захиргааны төлөөлөгчид, дипломат албаны төлөөлөл зэрэг нийт 29 төлөөлөгчтэй тусгай уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд харилцан найрсаг харилцааг бэхжүүлэх, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн асуудлаар өргөн хүрээтэй санал солилцов.
Хуралд Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Саха (Якут) Улсын Шадар сайд Ким Борисов, БНСУ-ын Гёнсанбүг мужийн Эдийн засаг, худалдааны газрын дарга И Жэ Хүн, БНХАУ-ын Хэнан мужийн Гадаад харилцааны албаны дэд дарга Ли Бинбин нар үг хэлэв.

Нээлтийн ажиллагаанд Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов мэндчилгээ дэвшүүлж, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үг хэлсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэндчилгээг ОХУ-ын Гадаад хэргийн яамны газрын дарга Каприн уншиж танилцуулав. Мөн ОХУ-ын Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев (цахимаар), Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Георгий Зиновьев нар мэндчилгээ дэвшүүлэв.
Тэдгээр төлөөлөгчид NEAR байгуулагдсаны 30 жилийн ойд баяр хүргэж, Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэллээ.

Ялангуяа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэндчилгээндээ
“NEAR нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд Зүүн Хойд Азийн бүс нутаг төдийгүй Евразийн өргөн уудам орон зайд харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан бүс нутгийн хамтын ажиллагааны үр өгөөжтэй платформ болж ирсэн. Сүүлийн жилүүдэд Төв Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудын оролцоо нэмэгдсэнээр үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжиж байгаа бөгөөд шинээр элсэж буй гишүүн орон нутгууд ч хамтын хүчин чармайлтад үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Үндсэн хуралдаанаар Япон улсын Окинава мужийг үндсэн гишүүнээр элсүүлэх, ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улс, БНКУ-ын Дорнод Казахстан муж, Мьянмар улсын Мандалай муж, Янгон муж, Шан мужийг сурвалжлагч гишүүнээр элсүүлэх, БНХАУ-ын Ганьсу мужийн санаачилсан “Мэргэжлийн боловсролын салбар хороо” байгуулах зэрэг нийт 3 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр NEAR нь Зүүн Хойд Ази төдийгүй Төв Ази болон АСЕАН-ы бүс нутгийг хамарсан 10 улсын 96 орон нутгийн захиргаа бүхий олон талт хамтын ажиллагааны платформ болон өргөжиж, салбар хороодын тоо 18-д хүрснээр чиглэл тус бүрийн хамтын ажиллагааны суурь улам бэхжив.


Мөн NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны тайлан, БНХАУ-ын Ляонин мужаас зохион байгуулсан NEAR-ийн 15-р Бүгд хурлын тайлан, БНХАУ-ын Шаньдун мужийн “Далай загасны аж үйлдвэрийн хороо”, ОХУ-ын Красноярск хязгаарын “Залуучуудын бодлогын салбар хороо”-ны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Үүнээс гадна ОХУ-ын Эрхүү муж, Саха (Якут) Улс, БНХАУ-ын Хэнан муж, БНСУ-ын Пухан хот, Монгол Улсын Дундговь аймаг, ОХУ-ын Хабаровск хязгаарын төлөөлөгчид бүс нутгийн бодлого болон орон нутгийн танилцуулга илтгэлүүдийг тавив.

NEAR Холбооны Тэргүүлэгч Алексей Цыденов “NEAR-ийн ирээдүйн хөгжил” сэдэвт тусгай илтгэлдээ гишүүн орон нутгууд харилцан хүндлэл, итгэлцэлд тулгуурлан хамтын хүчин чармайлтаа нэгтгэж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн гишүүн орон нутгуудын эдийн засгийн хамтын ажиллагааг бодитойгоор дэмжих зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны платформ байгуулах санал дэвшүүлэв.

Энэ удаагийн хуралд ОХУ-ын Гадаад хэргийн яам Газрын даргын түвшний төлөөлөгчөө илгээж, Гадаад хэргийн сайдын мэндчилгээг дэвшүүлсэн бөгөөд БНСУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд, Эрхүү хот дахь БНСУ-ын Ерөнхий консул, Улаан-Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул зэрэг дипломат төлөөлөгчдийн газрын удирдлагууд оролцсон нь төв засгийн газрын түвшинд ч NEAR-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байгааг харууллаа. Тэд мөн Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагаанд NEAR-ийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг өндрөөр үнэлж, Холбооны олон улсын нэр хүндийг улам бэхжүүлэв.
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин хурлын үеэр гишүүн орон нутгийн захиргаадын төлөөлөгчидтэй уулзан хуралд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлж, NEAR-ийн цаашдын хөгжил, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцлоо
