NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 6 сарын 18-ны өдөр ОХУ-ын Буриадын БНУ-ын Улаан-Үд хотноо болсон NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 15 дугаар хурлын үеэр Буриадын БНУ-ын Тэргүүн Алексей Цыденовтой уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Буриад Улсын Засгийн газар тусгай нислэг зохион байгуулж, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалтын бүхий л үе шатанд өндөр хариуцлага, нягт зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэ удаагийн хурал амжилттай болж өндөрлөснийг онцлон тэмдэглэв. Тэрээр мөн энэхүү хурал нь оролцогчдын төлөөлөл, зохион байгуулалт, бодит үр дүнгийн хувьд NEAR-ын Дээд түвшний Ажлын хэсгийн хурлуудын түүхэн дэх хамгийн үр дүнтэй, амжилттай арга хэмжээнүүдийн нэг болсныг онцгойлон үнэллээ.

Хариуд нь Алексей Цыденов Тэргүүн NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 15-р хурал болон Уламжлалт эм, эмчилгээний хорооны 3-р хурал амжилттай зохион байгуулагдсан нь NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын идэвхтэй дэмжлэг, нягт хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцолж, талархал илэрхийллээ.
Тэрээр мөн энэ удаагийн хурлын үеэр Буриадын аж ахуйн нэгжүүд болон уламжлалт анагаах ухааны төвүүд БНХАУ-ын эмнэлэг, байгууллагуудтай уламжлалт анагаах ухааны чиглэлээр нийт 10 хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь бодит үр дүн гарсны тод жишээ болж байгааг тэмдэглээд, үүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Алексей Цыденов Тэргүүн NEAR-ийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх дараах саналуудыг дэвшүүлэв. Нэгдүгээрт, салбар хороодын үйл ажиллагааны үр дүн болон гарсан шийдвэр, тохиролцооны хэрэгжилтийг тогтмол, системтэйгээр үнэлж дүгнэх, уг мэдээллийг NEAR-ийн цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээхийн зэрэгцээ салбар хороодын үйл ажиллагааг нэгтгэсэн жилийн эмхэтгэл хэвлэн гаргах санал дэвшүүлэв.
Хоёрдугаарт, NEAR-ийн платформд суурилсан цахим систем байгуулж, гишүүн орон нутгийн аж ахуйн нэгжүүд хоорондоо байгууллагын болон бүтээгдэхүүний мэдээллээ солилцох, улмаар эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг санал болгов.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Алексей Цыденовын дэвшүүлсэн санал нь NEAR-ийн хүрээн дэх бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл солилцоог идэвхжүүлэх, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгоход чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлэв.
Тэрээр салбар хороодын үйл ажиллагаатай холбоотой саналуудыг тухайн чиглэлийн зохицуулагч орон нутгийн захиргаадтай зөвшилцөн хэлэлцэж, хэрэгжүүлэх боломжтой тодорхой арга хэмжээг боловсруулна гэдгээ мэдэгдэв. Мөн NEAR-ийн платформд суурилсан цахим платформ байгуулах асуудал нь тодорхой хэмжээний төсөв шаардсан ажил тул тус Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс уг саналыг нарийвчлан судалж, NEAR-ийн албан ёсны цахим хуудсанд аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа холбоо, бизнесийн түншлэл тогтооход чиглэсэн шинэ цэс бий болгох зэрэг бодит хэрэгжүүлэх боломжуудыг эрэлхийлэн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.