본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын орон нутгийн удирдлагуудтай үдийн зоогны үеэр уулзалт хийв

2026-06-22

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2026 оны 6 сарын 18-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо болсон NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 15 дугаар хуралд оролцсон Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт, Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч ЭЭнхнаран нартай үдийн зоогны үеэр уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин цаг зав гарган NEAR-ийн арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцсон Монгол улсын орон нутгийн захиргаадын төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Монголын гишүүн орон нутгууд NEAR-ийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож ирсэнд чин сэтгэлийн талархал хүргэв. Мөн цаашид гишүүн орон нутгийн захиргаадын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг олон салбарт улам өргөжүүлэн хөгжүүлэхийг санал болгов.




Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Хөвсгөл аймаг нь Монгол Улсыг төлөөлөх аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг учраас цаашид аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх хүрээнд гишүүн орон нутгуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байгаагаа хэлэв.



Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Баярт нэг жилийн өмнөөс Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашиж эхэлсэн болохыг танилцуулаад энэхүү өндөр түвшний арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн Ховд аймаг нь босоо тэнхлэгт Хятад, Орос хоёр хөрш улстай холбогддог чухал аймаг болохыг онцолж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв. Цаашид NEAR-ийн гишүүн орон нутгийн захиргаадтай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.


Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдсоноосоо хойш олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр цаашид NEAR-ын платформыг идэвхтэй ашиглан эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийг дэмжих бодлогын туршлага солилцох, нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.



Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөртэй тусгайлан уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Засаг дарга Л.Төмөрчөдөр Төв аймагт болох нөхөн сонгуулийн улмаас энэ удаагийн арга хэмжээнд дуустал оролцох боломжгүй байсан ч NEAR-ийн энэхүү платформын хүрээнд Буриадын БНУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн цаашид ч NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно гэдгээ мэдэгдлээ.

Нөгөөтэйгүүр энэ удаагийн NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 15 дугаар хуралд Монгол Улсын 13 гишүүн орон нутгийн захиргаанаас нийт 27 төлөөлөгч оролцсон байна.