본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Солонгосын Олон улсын солилцооны сангийн Ерөнхийлөгчтэй уулзав.

2026-03-27

Бичлэг оруулах

Admin

첨부파일


Зүүн Хойд Азийн нутгийн захиргаадын холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 3 –р сарын 26-ны өдөр Бүсан хот дахь АСЕАН-ы Соёлын төвд Солонгосын Олон улсын солилцооны сан (KF)-ийн Ерөнхийлөгч Сун Ги Ду –тай уулзаж, харилцан хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

 

Уулзалтын үеэр Им Бён Жин дарга NEAR Холбооны үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, тухайлбал байгууллагын үүсэл хөгжил, гишүүн орон нутгуудын өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт, мөн “NEAR+2” бодлогын хүрээн дэх өргөжилт, салбар хороодын үйл ажиллагааны идэвхжил зэргийг онцлов. Түүнчлэн энэ онд хэрэгжүүлэх гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, Зүүн Хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын хоорондын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд NEAR Холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ. 

 

Мөн тэрээр “NEAR төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр”, “Залуу манлайлагчдын форум”, “Хүүхдийн зургийн уралдаан” зэрэг арга хэмжээнд БНСУ-ын олон нийтийн дипломат харилцааг хэрэгжүүлэгч гол байгууллага болох Солонгосын Олон улсын солилцооны сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 


Хариуд нь KF-ийн Ерөнхийлөгч Сун Ги Ду NEAR Холбооны талаар өмнө нь төдийлөн сайн мэдэхгүй байсан ч ийнхүү дэлгэрэнгүй танилцуулсанд талархаж байна. Энэ уулзалтын үр дүнд NEAR нь Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын олон талт хамтын ажиллагааны чухал платформ болохыг илүү тодорхой ойлголоо хэмээн онцоллоо. Тэрээр мөн залуучуудад чиглэсэн “Залуу манлайлагчдын форум”, “Төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр” зэрэг арга хэмжээг зохион явуулахад хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх санал дэвшүүлж талууд энэ талаар санал нэгдэв. 




Солонгосын Олон улсын солилцооны сан (KF) нь 1991 онд байгуулагдсан, БНСУ-ын Гадаад хэргийн яамны харьяа олон нийтийн дипломат үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд дэлхий даяар солонгос судлалыг дэмжих, олон улсын хамтын ажиллагаа, сүлжээг өргөжүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.


KF-ийн Ерөнхийлөгч Сун Ги Ду нь Чонбүг их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны тэнхимийн профессор, БНСУ-аас Колумб Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2025 онд тус сангийн 15 дахь Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна. Энэхүү уулзалтад мөн KF-ийн АСЕАН-ы Соёлын төвийн солилцооны хөтөлбөрийн хэлтсийн дарга Жан Гиху оролцсон юм.