본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

2026 оны NEAR Гишүүн орон нутгуудын хурал зохион байгуулагдлаа.

2026-03-23

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.JPG

첨부파일

- Зүүн хойд Азийн 6 улсын 51 гишүүн орон нутгийн захиргаа болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, Холбоо үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан ирээдүйн алсын хараагаа хуваалцав -


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) 2026 оны 3 дугаар сарын 18–20-ны өдрүүдэд БНСУ-ын Гёнжү хотын Хилтон зочид буудалд “Олон улсын харилцааны элч нарын уулзалт болон 2026 оны NEAR гишүүн орон нутгуудын хурал”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Узбекистан зэрэг 6 улсын 44 орон нутгийн засаг захиргаа, 7 холбогдох байгууллагын нийт 130 гаруй төлөөлөгч оролцов.



Тус хурал нь гишүүн орон нутгийн захиргаадын хоорондын хамтын ажиллагаа, хүний нөөцийн сүлжээг бэхжүүлэх, цаашид зохион байгуулах томоохон арга хэмжээний төлөвлөгөөг хуваалцах, мөн бүс нутгийн шилдэг бодлого, туршлагыг харилцан судлах зорилготой жил бүр зохион байгуулагддаг чухал харилцаа, хамтын ажиллагааны талбар юм.




Нээлтийн ёслолын үеэр NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нээлтийн үг хэлж, Гёнсанбүг мужийн захирагчийн эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирагч мэндчилгээ дэвшүүлэв. Мөн БНСУ-ын Хот, мужийн захирагчдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю Мин Бун, Хятад-Япон-Солонгосын хамтын ажиллагааны Хэрэг эрхлэх газар (TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И Хи Соб, БНСУ-ын Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консул Чэн Лыбяо, мөн хот дахь ОХУ-ын Ерөнхий консул Оксана Дудник, Монгол Улсын консул Ц.Жадамбаа, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий консул Аслан Аскар нар баяр хүргэн үг хэлэв.


Түүнчлэн NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ой-г тохиолдуулан НҮБ-ын Элчин сайд асан Ким Сүк тусгай илтгэл тавьж, NEAR нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамгийн том олон талт хамтын ажиллагааны платформын хувьд эзэлж буй байр суурь, ач холбогдлын талаар танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татлаа.




Хурлын үеэр 2025 онд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, мөн 2026 онд зохион байгуулагдах NEAR Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон Уламжлалт эм, эмчилгээний хорооны арга хэмжээ (ОХУ, Буриад Улс), Байгаль орчны хорооны үйл ажиллагаа (Япон улс, Тояама муж), Боловсрол, соёлын харилцааны хорооны үйл ажиллагаа (Япон улс, Шиманэ муж)-ны талаар мэдээлэл өглөө.


Үүнээс гадна БНХАУ-ын Ганьсу мужийн мэргэжлийн боловсролын танилцуулга, БНСУ-ын Гёнсанбүг мужийн “Гёнбүг аялал жуулчлалын жил” хөтөлбөрийн сурталчилгаа, тус мужийн Пухан хотын MICE салбарын хөгжлийн алсын хараа, Монгол Улсын Төв аймгийн танилцуулга, Узбекистан улсын Каракалпакстан бүс нутгийн танилцуулга зэрэг илтгэл, танилцуулгууд хийгдэв.



Мөн энэ удаагийн хурлын хүрээнд гишүүн орон нутгийн захиргаадын урьдчилсан хүсэлтийн дагуу хоёр талын уулзалтууд зохион байгуулж, нийт 12 гишүүн орон нутгийн захиргаа гадаад оюутан татах, эдийн засаг, худалдаа, соёл, урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх талаар санал солилцов.

Ийнхүү уг хурал нь гишүүн орон нутгийн захиргаадын хооронд бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон талт харилцааны платформ болох NEAR Холбооны ач холбогдлыг дахин бататгасан чухал арга хэмжээ боллоо.