본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Казакстан улсын Зүүн Казакстан мужийн захирагчтай цахимаар уулзалт хийв

2025-11-04

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 줌.jpg

첨부파일


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 11 дүгээр сарын 4-ний өдөр Солонгос улсад айлчилж буй Зүүн Казахстан мужийн захирагч Сактаганов Нурымбэттэй БНСУ дахь Казакстан улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр цахим уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Зүүн Казахстан мужийг NEAR Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлт гаргасанд талархал илэрхийлж, тус Холбооны бүтэц, үйл ажиллагааны чиглэл, мөн сурвалжлагч гишүүний тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр цаашид Зүүн Казахстан муж нь NEAR-ийн төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээнд идэвхтэй оролцож, гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв


Мөн Зүүн Казахстан мужийг албан ёсоор сурвалжлагч гишүүнээр элсүүлэх асуудлыг ирэх онд ОХУ-ын Буриадын БНУ-д зохион байгуулагдах NEAR-ийн 15 дахь удаагийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдлаа. Тэр үеэр Зүүн Казахстан мужийн захирагч Сактаганов Нурымбэтийг биечлэн оролцож, мужийнхаа талаар танилцуулга илтгэл тавихыг хүслээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Зүүн Казахстан мужийг сурвалжлагч гишүүнээр элсэх үйл явцад дэмжлэг үзүүлсэн Казакстан улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Нургали Арстановт гүн талархал илэрхийлж буйг уламжилж өгөхийг мөн хүслээ.



Хариуд нь Сактаганов Нурымбэт захирагч NEAR Холбоо Зүүн Казахстан мужид итгэл үзүүлж, сурвалжлагч гишүүнээр элсүүлэх шийдвэрийг дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Тэрээр мужийнхаа эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон гишүүн орон нутгуудтай үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.


Мөн Зүүн Казахстан муж болон Солонгос улс олон талаар ижил төстэй байгааг дурьдаад, боломж гарвал Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг Зүүн Казахстан мужид айлчлахыг урив.

Дашрамд дурдахад Зүүн Казахстан муж 11 дүгээр сарын 4-ний өдөр NEAR Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн юм.