Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10-р сарын 28-ны өдөр Сөүл хотноо болсон “БНСУ-БНХАУ-ын захирагч, дэд захирагч нарын 3-р хурал”-д оролцохоор Солонгост айлчилж буй Хэйрунжан мужийн дэд захирагч Жан Чисян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Тэрээр Хэйрунжан мужийн төлөөлөгчдийг халуун дотноор угтан авч, NEAR холбооны өнөөгийн байдал, сүүлийн үеийн гол үйл ажиллагаа болон ирэх оны гол арга хэмжээнүүдийн талаар танилцуулахын зэрэгцээ Хэйрунжан муж нь NEAR-ийн үүсгэн байгуулагч гишүүн орон нутаг төдийгүй тус Холбоо болон Холбооны Хэрэг эрхлэх газрын газрын байгуулалтын явцад голлох үүрэг гүйцэтгэсэнд өндрөөр үнэлэв. Тэрээр мөн “NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь тус Холбоог үүсгэн байгуулалцаж мөн тэргүүлэгчээр ажиллаж байсан Хэйрунжан мужтай хамтын ажиллагаагаа нэн чухалчилдаг” хэмээн онцлоод, цаашид бодитой хамтын ажиллагааны төслүүдийг боловсруулж, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хариуд нь дэд захирагч Жан Чисян “Энэ уулзалт нь АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө, мөн NEAR Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойг угтан болж буй нь онцгой ач холбогдолтой” хэмээн тэмдэглээд, “NEAR нь Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн” гэж өндөрөөр үнэлэв. Тэрээр цаашид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах чиглэлээр Хэйрунжан муж нь орчин үеийн хөдөө аж ахуй, мөс ба цасны аялал жуулчлал, ОХУ-руу чиглэсэн ложистикийн салбарт өрсөлдөх чадвар, давуу талтайгаа дурдан эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд, гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн соёл, боловсрол, хүмүүнлэг, спортын зэрэг олон салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх санал гаргав.

Энэхүү уулзалтад Хэйрунжан мужаас Гадаад хэргийн албаны дэд дарга Ян Хунпэн, Боловсролын газрын дэд дарга Фэн Вэйцюань, Аж үйлдвэр, мэдээлэл технологийн газрын дэд дарга Ван Бин, Гадаад хэргийн газрын хэлтсийн дарга Лю Итин нар оролцсон бол NEAR-ийн талаас Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва байлцав.